Гэрийн мушгиа боорцог
Амалсан ёсоороо та нартаа мушгиа боорцогныхоо жороо хүргэж байна. Хуучин жороо арай өөрчлөөд 2 янзаар хийлээ. Хоёулаа л гоё боллоо. Нэгийг нь маслотай нөгөөг нь шар тостой хийсэн. (Шар тосоо хайлмаг хийх бүртээ гарсаныг нь хөлдөөж хадгалаад байсан. Боорцгонд хийхэд их гоё амт оруулж байна. Хайлмагны жор Монгол цагаан идээ цомогт байгаа) Америк Канадад байгаа бол шар тос butter ghee нэрээр Walmart, Metro мөн Араб дэлгүүрүүдэд байдаг. Бусад хүнсний дэлгүүрээс ч гэсэн асуугаад үзээрэй байж магад.
Энэ удаад молоко хийгээгүй. Боорцогоо хийхдээ ахиухан хийгээд хөлдөөж болдог шүү. Хэрэгтэй үедээ гаргаад өрөөнд байлгаж байгаад идэхэд яг л шинэхэн амтаараа байх болно.
Амжилт. Амтархан идээрэй
Орц:
1. Маслотой жор:
– 500 гр гурил (500 gr flour)
– 2.5 мл бакпалвар, нарийн боов хөөлгөгч (1/2 tsp baking powder)
– 5 мл хөөлгөгч (1 tsp yeast)
– 100 гр элсэн чихэр (1/2 cup sugar)
– чимх давс (pinch of salt)
– 170 гр ус (3/4 cup water)
– 180 гр сүү (3/4 cup milk)
– 80 гр давсгүй масло (1/3 cup unsalted butter)
– шарах тос
2. Шар тостой орц:
– 500 гр гурил (500 gr flour)
– 2.5 мл бакпалвар(1/2 tsp baking powder)
– 5 мл хөөлгөгч (1 tsp yeast)
– 100 гр элсэн чихэр (1/2 cup sugar)
– чимх давс (pinch of salt)
– 170 гр ус (3/4 cup water)
– 180 гр сүү (3/4 cup milk)
– 80 гр шар тос (1/3 cup butter ghee)
– шарах тос
Хийх арга:
1. Дээрх 2 орцоо нийлүүлээд нэг болгоод дан маслотай юм уу дан шар тостой хийж болно. Амтны хувьд гэвэл шар тостой нь илүү гоё байсан. Цөөн ам бүлтэй айл бол нэг орцоор нь хийхэд хангалттай боорцог болно.
Гурил, хөөлгөгч, бакпалвар, давсаа нэг саванд хийж хутгаад тавина. Зөөлөн гал дээр усаа саванд хийгээд дээрээс нь сүү, масло юм уу шар тосоо хийгээд бүлээсгэнэ. Тосоо хайлтал элсэн чихрээ уустал нь халаагаад сайн хутгаарай. Их халуун ус сүүгээр зуурвал боорцог маань хатуурах учраас хуруугаа дүрж шалгаарай. (Усан дээрээ сүүгээ хийгээрэй. Монгол хүн сүүн дээр ус хийдэггүй шүү. ) Гурилаа сайн зуураад дулаан газар бага зэрэг хучиж тавина. Гурилаа анхны хэмжээнээсээ нэг дахин хөөсөний дараа боорцогоо хийж эхлээрэй. Дуртай хэлбэр дүрсээрээ өөрсдөө мэдээд хийгээрэй. Би энэ удаад мушгиад хийлээ. Мөн зөөлөн гал дээр боорцогоо хайраарай. Ширүүн гал дээр харлана, түлэгдэнэ. Ер нь боорцог хайрахдаа яг хараад зогсож байсан нь дээр байдаг хэ хэ. Гаргаад гал тогооны цаас юм уу шүүлтүүр дээр сэврээж байгаад идээрэй. Хөлдөөх бол бүрэн хөрсөний дараа битүү уутанд хөлдөөнө.
Амтархан идээрэй.
Found it👏
Thanks you very much🙏🏻
Hi Hishge.You’re welcome. Thanks for stopping by 😉